Ипотекийн зээлтэй 100,867 хүн байна

2021-04-29 09:041578

Энэ оны гуравдугаар сарын байдлаар 100,867 зээлдэгч нийт 5.020.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байгааг Монголбанк мэдээллээ. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 75 570 зээлдэгч 3.749.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 74,7 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21,7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 3,6 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон аж.

Нийт ипотекийн зээлийн 17 хувь буюу 851,7 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээл1-ийн 76,2 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21,7 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 2,1 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 93,9 хувь нь хэвийн, 1,3 хувь нь хугацаа хэтэрсэн, 4,8 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 65,3 хувийг хөтөлбөрийн зээл, 34,3 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон, 0,4 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлжээ. Гуравдугаар сард 1870 зээлдэгчид 149,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд үүний 71,5 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэв.

Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеийнхээс 3,5 нэгж хувиар багасаж, өмнөх сарынхаас 2,1 нэгж хувиар буурч 8 хувьд хүрчээ. 

Ипотекийн зээлээр борлуулсан орон сууцны 88,8 хувийг 80 хүртэлх мкв талбайтай байр бүрдүүлж байна. Ипотекийн зээлээр борлуулсан орон сууцны 75,5 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц эзэлж байгаа бөгөөд энэ нь ипотекийн нийт зээлийн 80 хувийг эзэлжээ. Зээлдэгчдийн 72,1 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 57,9 хувийг 2,5 сая төгрөг хүртэлх өрхийн орлоготой иргэд бүрдүүлж байв.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц