П.Билэгтсайхан: Өвчнөөс болж алдсан бүхнээ босгоход хөдөлмөрлөхөөс өөр аргагүй

2021-04-16 10:04522

Өнгөрсөн хөл хорионы үеэр эмчилгээ хийлгэх гэж Улаанбаатарт ирээд гэртээ харьж чадалгүй 8 хоног машиндаа хоносон П.Билэгтсайханыг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр ходоодны хорт хавдраа эмчлүүлэхээр өөрт байсан бүхнээ зарсан. Өвчнөөс шалтгаалж алдсан бүхнээ босгохын тулд модон эдлэл гэрээрээ хийж байгаа юм. 

-Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ? Гэр бүлийнхээ тухай танилцуулаач.

-Намайг Пагмын Билэгтсайхан гэдэг. Би эхнэр, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт амьдардаг. Эхнэрийг маань Гэрэлээ гэдэг. Бид хоёр ханилаад 8 жил болж байна. Харин охин маань 9-р ангийн сурагч. 

-Таны үндсэн мэргэжил тань одоо эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэлтэй холбоотой юу? Ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Би мужаан, гагнуурчин мэргэжилтэй. Гэхдээ өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Дараа нь Оюутолгойд хэсэг хугацаанд ажилласан. Сүүлийн жил гаруй хугацаанд л өвчнөөсөө болж мэргэжлээрээ ажиллаж өрхийн үйлдвэрлэл эхлүүлэхээс өөр сонголтгүй болсон юм.

-Хүнд өвдөж, эмчилгээний зардлаас болоод хашаа байшингаа зарахад хүрсэн гэж сонссон. Гэнэтийн зүйл тохиоход их хэцүү байсан байх. Энэ үеийн яаж даван туулсан бэ?

-Анх нойр булчирхай өвдсөн гэх шалтгаанаар хоёр сар шахам эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал улам дордоод байсан юм. Тэгээд эсийн шинжилгээ хийлгэж, ходоодоо дурандуулахад ходоодны хорт хавдар дөрөвдүгээр шатандаа орчихсон байсан. Тэр мэдээг анх сонсоод нэг хэсэгтээ цочролд орж, сэтгэл санаагаар унасан. Ах дүү нартаа хэлж, тайвшраад эмчлэгдэх эсэх талаар судалж эхэлсэн. Хагалгаагаар ходоодоо тайруулж, булчирхайгаа авахуулсан юм. Алтан гартай эмч нарынхаа ачаар ингээд эрүүл болчихоод сууж байна даа.

Хагалгааны дараах эмчилгээ, хоолны дэглэм, эм тарианы мөнгө гээд санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарсан. Ар гэрээ авч явах гээд мөнгөний хэрэгцээ их байсан л даа. Эхлээд ах дүү нараасаа зээлнэ. Дараа нь танил тал гэж явсаар 9 орчим сая төгрөгийн өртэй болчихсон. Аргагүйн эрхэнд хашаа, байшингаа зарж үлдсэн мөнгөөрөө айлын тал хашаа худалдаж аваад гэр бариад амьдарч байна. Саяхнаас бүтээгдэхүүн хийсэн мөнгөө хуримтлуулж, бас хүмүүсийн тусламжаар байшингийнхаа суурийг тавьчихсан. 

May be an image of Пагва Билэгтсайхан and outdoors

-Хорт хавдрын шинж тэмдэг өмнө нь танд илрээгүй юу? Анзааралгүй явсаар байв уу?

-Энэ өвчин огт мэдэгддэггүй юм билээ. Бид хоол идэхээр горойх, цээж хорсох гэх мэт нийтлэг шинж тэмдэг илэрвэл тоохгүй өнгөрчихдөг. Энэ маш буруу. Эрүүл хүн жилдээ хоёр удаа ходоодоо дурандуулах хэрэгтэй. 

-Өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байсан бэ? 

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд гол тулгардаг зүйл нь түүхий эдийн асуудал. Бидэнд арьс шир, мод гэх мэтчилэн түүхий эд нь хангалттай байгаа мөртлөө ихэвчлэн гадагш экспортлодог. Учир нь түүхий эдийн боловсруулалт тааруу учраас БНХАУ руу экспортлодог. Хятадаас орж ирж байгаа түүхий эд үнэтэй, зарим талаараа чанаргүй байдаг. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадаас орж ирсэн бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг учир нь ердөө энэ. Ийм болохоор хүмүүс үүнийг нарийн сайн ойлгодоггүй. 

-Захиалга хэр байна вэ? Хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Захиалга дажгүй шүү. Миний бие бүрэн тэнхрээгүй байгаа учраас заримдаа ирсэн бүх захиалгыг авна гэхээр бие сульдаад хийж амжихгүй тохиолдол байна. Мөн ирэх намар гэхэд байшингаа бариад дуусгачих санаатай зав зай болж өгөхгүй юм. Бүгдийг нь амжуулахын тулд л хичээж байна даа. Хос ганбанз, элдүүрийн хамт 70 мянган төгрөгийн үнэтэй худалдаалдаг. Би орос хавтангаар бүтээгдэхүүнээ хийдэг. Хятад хавтан шаардлага хангадаггүй. Наалт нь амархан салчихдаг юм. Мах, ногооны бандан, хогийн сав, ширээ, сандал, газрын зураг гэх мэтчилэн ихэвчлэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

             No photo description available.

                No photo description available.

Аймаг орон нутгаас илүүтэй Улаанбаатараас ихэвчлэн хүмүүс захиалга өгдөг. Цар тахлаас болоод хөл хорио тогтоочихсон болохоор түүхий эдээ авч чадахгүй л байна. Сүүлийн нэг жил иймэрхүү байдалтай үргэлжилж байна.

-Таны энэ сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр хаанаас бий болов?

-Хүний гол сэргэх хүч бол гэр бүл. Би гэр бүлдээ л санаа зовсон. Муугаар бодоход хэрвээ би үхчихвэл эхнэр, хүүхэд минь яах билээ л гэж бодсон. Тэднийг минь надаас өөр түшиж тулах хүн үгүй. Эхнэр маань өнчин өссөн, сонсголын бэрхшээлтэй. Охин минь сургуулиа ч төгсөөгүй байхад би ингээд хэвтээд байвал яах билээ. Энэ хоёрыгоо харахад ч хэцүү байсан. 

Хагалгаанд ороод сар гаруй хугацаа өнгөрөхөд ганбанз хийж эхэлсэн. Тэгж байж л хийсэн юмандаа урамшсаар хөл дээрээ босч ирсэн дээ. Заримдаа ядраад ухаан алдах ч үе бий. Хэдий хэцүү байсан ч зүгээр суухаар бие улам өвдөөд байгаа юм шиг санагддаг. 

-Төрийн бус байгууллага нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Би “Амьдрах итгэл-Хамтын хүч” нэртэй ТББ байгуулсан. Гол чиглэл нь хорт хавдраар шаналж байгаа хүмүүст туслах, тэдэнд дэм болох зорилготой. Саяхан “1000” төгрөг аян зохион байгуулж 600 гаруй мянган төгрөг цугларсан. Энэ мөнгийн Дундговь аймагт амьдардаг эмчилгээний зардалгүй болсон хүнд байдалд байгаа хавдартай хүнд гурван сарын хугацаанд хүүгүй зээлсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүн мөнгөө буцааж өгөхөд дараагийн хүнд туслах байдлаар ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

-Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байгаа. Зээл авах гэж оролдож үзсэн үү?

-Эхэндээ энэ мэдээг сонсоод их баярласан. Гэтэл банкин дээр очтол барьцаа хөрөнгө шаардлагатай. Надад байгаа зүйл нь 8 сая төгрөгийн автомашин, зөвшөөрөл нь гараагүй байгаа газар, монгол гэр. Эдгээрийн үнэлүүлэхэд 3 хүрэхгүй сая төгрөг л болж байна лээ.  Хэрвээ зээл авчихвал CNC сийлбэрийн машинтай болно. Тэр сийлбэрийн төхөөрөмж маш нарийн хийцийн сийлбэрийг гаргаж чаддаг. Өөрөөр хэлбэл Монголд хөгжөөгүй байгаа үйлдвэрлэлийг эхлүүлэх боломжтой гэсэн үг. Одоохондоо гар аргаар хуучны хэдэн төхөөрөмжөөрөө өдөрт нэг л бүтээгдэхүүн хийж байна. Ихэнхдээ бэлэн худалдаалах бус захиалгын дагуу хийдэг юм.

             May be an image of outdoors

-Цаашид зорьж байгаа зүйл юу байна вэ?

-Ойрын зорилго бол өөрийн гэсэн байшинтай бас цехтэй болно. Тоног төхөөрөмжтэй болчихвол үйл ажиллагаагаа улам өргөтгөн хоёр хүн ажлын байраар хангах боломж бий. Төрийн бус байгууллагаа өргөжүүлэх олон төлөвлөгөө байгаа л даа. Гадны байгууллагатай ч хамтран ажиллах хүсэлтэй байна. Ямар ч байсан зовж зүдэрч яваа хүмүүст тус болчих юмсан гэсэн бодол минь байсаар байна.

Хийх юмтай, эрүүл байна гэдэг хамгийн том боломж. Аливаа бэрхшээлийг даван туулахад сэтгэлзүй маш чухал. Юу ч тохиосон бай сэтгэлээрээ үхэж болохгүй. Бусад нь аяандаа болно.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц