Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

2021-01-07 17:0135

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.07) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулсан юм.

 

Нэг. УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх талаар:

- Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд орон тооны байх;

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар тодруулах;

- Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний сонгон шалгуурлалтыг хараат бусаар явуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг тал талын, тэнцвэртэй төлөөллөөс бүрдүүлэх, Байнгын хороо танилцах сонсголыг зохион байгуулах;

- Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах гол чиг үүргээ өөртөө хадгалж, сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох.

Хоёр.Шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах талаар:

- Шүүгчийн сахилга хариуцлагыг чангатгах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалахын тулд шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой тусгах;

- Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

- Шүүхийн сахилгын хороо иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шалгах, шийдвэрлэх, гаргасан шийдвэрт гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулах;

- Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар юдруулах;

- Шүүхийн сахилгын хорооны гишүүн зөрчил гаргасан бол түүнийг огцруулах харилцааг нарийвчлан зохицуулах;

- Шүүхийн сахилгын хорооны зарим шийдвэрийг Улсын дээд шүүх хянадаг байх.

Гурав.Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын талаар:

- Шүүгч, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүхийн төсвийг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй байх

- Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн “шүүх хуралдааныг даргалах,” “шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох,” “доод шатны шүүх хооронд гарсан хэргийн харьяаллын маргааныг шийдвэрлэх" зэргээр шүүн таслах ажилд эдэлдэг байсан давуу эрхийг хасах;

- Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг урьдчилан мэдэх боломжгүй байдлаар томилох, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах цахим программ хангамж ашиглах;

- Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ажиллах бөгөөд шүүгчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад бүх шатны шүүгч, Шүүхийн судалгааны төв, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллийг оролцуулах зэрэг багтана.

Ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан гишүүд Байнгын хороо, ажлын хэсэг, төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлж байна. Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц