Архинаас шалтгаалж дөрвөн иргэн амь насаа алдлаа

2020-12-22 14:12493

Орхон аймагт сүүлийн 15 хоногт ковид 19-н шинэ тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-өөс 18 иргэн эдгэрч гэрийн дэглэмд шилжсэн. Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хүний амь нас эрсдээгүй байхад Орхон аймгийн хэмжээнд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, улмаар хүний амь нас эрсдээд байна.

 Цар тахлын хавьтагчдыг тодорхойлж, хяналтанд авсанаар хувь хүний ухамсарт найдаж, хатуу хөл хориог Орхон аймагт бууруулсан. Энэ нь санхүүгийн уналтанд орсон ард иргэдийн амьдралыг дэмжих илэрхийлэл гэж болно. Гэвч иргэд ажил орлоготой байхын хирээр архи согтууруулах ундааны хэрэглээнд орлогоо зарцуулж, архины гүн хорлогод орж байна. Тухайлбал Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн 103 утсанд өнгөрсөн долоо хоногт нийт 379 дуудлага ирсний 39 нь архины гүн хордлого, архинаас хамаарсан өвчлөл байжээ.

Үүнээс 4 иргэн нь архины хор уршигаар амь насаа алдлаа. Дээрх харамсалтай тохиолдлуудаас гадна төрөхөөр эмнэлэгт хүргүүлсэн жирэмсэн эмэгтэй эмч, эмнэлгийн ажилчдад агсамнасан тохиолдол ч гарчээ. 

 Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний газрууд дэглэмийн дагуу өмнөх цагийн хуваариар,  6,8 нэрийн дэлгүүрүүд 18 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглочихоод байхад 2 долоо хоногийн өмнө 29, өмнөх долоо хоногт 45 иргэн эрүүлжүүлүүлэгдсэн. Энэ нь ахуйн хүрээний архидалт нэмэгдсээр байгааг харуулж байна. Иймд ард иргэдийг согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзаж, батлагдсан дүрэм журмаа мөрдөхийг уриалж байна. Мөн зарим амралт үйлчилгээний газар хөл хорио, дэглэм зөрчиж нууцаар шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгааг ч холбогдох албаныхан мэдээлж байна. Иймд цагдаа, хүчний байгууллагад хяналт тавьж, хатуу арга хэмжээ тооцохыг аймгийн шуурхай хуралдааны үеэр үүрэгджээ.  

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц