СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХЯНАЛТЫН КАМЕРУУД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

2023-09-05 15:091733

Манай аймгийн ЕБС-иудаас 4 дүгээр сургууль гадна, дотно хамгийн их буюу 110 орчим камертай. Үүнд орон нутгийн төсвөөс  багагүй хөрөнгө зарцуулсан. Гэвч үр дүнгүй, ажил хийсэн нэр зүүх төдий үзүүлэн аж. Тодруулж, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртлөө гэхэд яагаад шаардлага хангахгүй байгааг жишээ татан тайлбарлая.

   Хичээл сургууль орох, тарах цагаар сургуулийн гадна талбайд автомашины ачаалал нэмэгдэж, магадгүй үл таних этгээд машинаар хүүхэд хулгайллаа гэхэд, сургуулийн өнцөг булан бүрд харагдах камерын хяналтыг шүүх мэргэжлийн хүнгүй. Үүнээс илүү дор нь авто машины дугаар илрүүлж, харах боломжгүй, бүрсгэр. Сургуулийн орчиндоо эд зүйлсээ хаяж гээгдүүлсэн сурагчид сургуулийн камерын хяналт шүүлгэхээр хандаж, тусламж эрэхэд цааргалж, дургүйцсэн дүр зураг сургуулийн орчинд байна. Ийм байхад сургуулийн орчинд гэмт хэрэг буурах уу, сургуулийн орчин дахь хулгай цэгцрэх үү?

Энэ онд Хүрэн булаг багийн хэмжээнд 2 шон, 22 ширхэг камер суурилуулагдаж мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын системд холбогдсонг албаны эх сурвалжууд өөр өөрийн цахим хуудсаар мэдээлж байна. Гэвч сургуулийн орчинг хаана хэн хянах вэ? Стандартад нийцээгүй камержуулалтад хэдий хэмжээний хөрөнгө орон нутгийн төсвөөс зарцуулсан бол?

Шуурхай  удирдлагын төвийн дарга Н.Гансүхээс тодруулахад, дуу цахилгаантай борооны улмаас хэд хэдэн камер аянганд цохиулж ашиглалтаас гарсан. Харин сургуулийн орчин дахь камеруудыг сургуулиуд босоо байгууллагадаа хандаад шийдүүлчихдэг. Уул нь манайхаар ТЭЗҮ-ээ гаргуулчихдаг бол стандартад нийцсэн, хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн эрсдэлээс хамгаалах өнцөг булан бүрд нь суурилуулахаар тусгаад өгчихнө. Ядаж л хотын камерын нэгдсэн сүлжээндээ холбоод, зарим камерыг нь сүүлийн үеийн дугаар илрүүлэгчтэй, чанартайгаас нь тусгуулах боломжтой байсан.  Өнөөдөр 4 дүгээр сургуулийн камерын хяналт манайхтай холбогдоогүй гэсэн юм.

Мөн өнөөдрийн байдлаар төв зам, байр хооронд камержуулалт хийгдсээр байна. Харин хөдөлгөөний урсгал эрчимжсэн цагуудад эрсдэлтэй тойргуудын нэг Дэнжийн тойрог дахь камер ажиллахгүй байна. Машин хооронд шүргэлцэх, мөргөлдөх тохиолдлууд энэ тойрогт олон. Ийм үед замын цагдаагийнхан газар дээрх нөхцөл байдалд хэмжилт, үнэлгээ хийж асуудлыг шийдвэрлэх нь. Харин буруутай этгээдийг камерын бичлэгээр баримтжуулж нотолно гэвэл үлгэр болой.

Нэмж тодруулахад, Орхон аймагт 2023 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 133 камерыг 746,4 сая төгрөгөөр Зэст, Уурхайчин, Эрдэнэ, Булаг, Хүрэн Булаг, Цагаан Чулуут багуудад шинээр байршуулжээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц