Эрдэнэт үйлдвэр:Шинэ тээрэм ашиглалтад орууллаа

2020-12-08 22:12102

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт ММС90х30А маркийн шинэ тээрмийг уурхайчид өнөөдөр ашиглалтад орууллаа. 1989 оны 12-р сард хуучин тээрмийг анх ашиглалтад оруулж байжээ. 31 жил ажилласан уг тээрмийг ийнхүү шинээр сольж байгаа юм. ОХУ-ын “Тяжмаш” үйлдвэрийн  ММС90х30 маркийн тээрмийг шинэчлэх ажилд нийт 1310 цаг төлөвлөжээ. Баяжуулах үйлдвэрийн хамт олон, төлөвлөгөөт хугацаанаас 170 цагийн өмнө тээрмийг угсарч, суурилуулах ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэсэн байна. Шинэ тээрэм ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, ашиглалтын зардал буурах юм. Үүнээс гадна шинэ тээрэм суурилуулах явцад насос болон гидроциклоныг шинэчилсэн байна.

     Энэ үеэр Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх : “Дэлхий нийтэд тархсан цар тахлын хөл хориотой хэцүү үед уурхайчид зогсох эрхгүй ажиллахын зэрэгцээ техник технологийн шинэчлэлээ зогсолтгүй явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн Засвар угсралтын хэсгийн хамт олон, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтан, ажилчид өөрсдийн хүчээр энэ ажлыг хийж гүйцэтгэлээ. 170 цагийг төлөвлөгөөт хугацаанаас хэмнэснээр 65-70 мянган тонн хүдэр нэмэлтээр боловсруулах боломж бүрдэх юм. Энэ хүнд цаг үед хөдөлмөр зохион байгуулалтыг амжилтай хийж,  төлөвлөгөөт ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн Баяжуулах үйлдвэрийн удирдлага хамт олонд нийт уурхайчдынхаа өмнөөс талархал дэвшүүлье” гэв.

                                                                                                                           Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц