Норвегийн баг тамирчид түүхэн дээд амжилт тогтоолоо

2022-02-19 04:02258

Норвегийн баг тамирчид “Бээжин-2022” олимпоос 15 дахь алтан медалиа хүртсэнээр өвлийн наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.

Тодруулбал, биатлонч Йоханнес Тиннес Бо эх орондоо 15 дахь алтан медалийг авчирснаар Канадын улсын 2010 онд тогтоосон 14 алтан медаль хүртсэн дээд амжилтыг эвджээ.

Тэрбээр Бээжингийн өвлийн олимпоос дөрөв дэх алтан медалиа хүртэж буй нь энэ бөгөөд хоёрыг нь ахтайгаа хамт оролцсон буухиа тэмцээнээс хүртсэн байна. 

Ингэснээр Й.Бо нь Олимпын нэг наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн хоёр дахь биатлонч болсон бөгөөд өмнө нь түүний нутаг нэгт тамирчин Уле-Эйнар Бьорндален 2002 онд ийм амжилт үзүүлж байсан түүхтэй юм.

Й.Бо баасан гарагт өрсөлдсөн тэмцээндээ түрүүлснийхээ дараа энэ удаагийн олимпод гаргаж буй амжилтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, улс орныхоо түүхэн амжилтад хувь нэмрээ оруулснаараа бахархаж байгаагаа ярьжээ. 

Өнөө өглөөний байдлаар “Бээжин-2022” олимпын наадмын медалийн чансааг Норвегийн баг тамирчид 15 алт, 8 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тус улсын араас 10 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн Герман, 8 алт, 9 мөнгө, 6 мөнгөн медаль хүртсэн АНУ удаалж байна.

Өвлийн олимпыг зохион байгуулагч БНХАУ-ын багийн хувьд 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Нидерланд, Швед, Швейцар, Австри, ОХУ-ын Олимпын хороо, Францын баг тамирчид эхний 10-т жагсаж байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц