Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сарын 01-н гэхэд бүрэн ашиглалтад орно

2021-08-11 16:08586

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлэх шийдвэр гаргасныг ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцууллаа. 

Зам, тээврийн салбарт сүүлийн 2, 3  гурван жилд ахиц гарч, төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил дуусах шатандаа оржээ. Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам ирэх 2022 оны долдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Уг  төмөр замыг тавьж дууссаны дараа доорхи дөрвөн чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр Засгийн газраас шийдвэрлэжээ.

  1. Зүүнбаян өртөөнөөс Хангимандал чиглэлд төмөр зам тавина. Энэ боомт нээгдсэнээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс нэмэгдэнэ.
  2. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөт бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн төмөр зам тавина.
  3. Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1200 км төмөр зам тавина.
  4. Олон жилийн турш яригдсан богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг хийнэ.

Эдгээр бүтээн байгуулалтыг хийх болсонтой холбогдуулан төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтат нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Богдхан төмөр замын ажил нийтдээ 135 км урт, зургаан зөрлөгтэй. Энэ ажил тун удахгүй эхэлнэ. Энэ төмөр замыг тавихад 630 сая ам.доллар шаардлагатай. ОХУ болон Япон улсаас хөрөнгө оруулалт авах ажил яригдаж байгаа. Ер нь бол Монгол Улс өөрийн хөрөнгөөр уг төмөр замыг тавихаар хичээж байгаа.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц