Г.Мядагханд: Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан нийтийн төлөөх мэргэжил бол эмчийн мэргэжил

2021-03-31 06:03864

Бусдад хүн бэлэглэх, эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үүргийг хуулиар биш чин сэтгэлдээ өргөсөн тангарагаараа хүлээсэн хүмүүс бол эмч нар билээ. Бид энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн дарга, их эмч Г.Мядагхандын мэргэжлээрээ бахархах бахдал, хүндлэлийн талаар сурвалжилсан юм.

Юуны өмнө танд дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе! Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна? Энэ мэргэжлийг сонгосон нь ямар нэг утга учиртай юу?

    Би эрүүл мэндийн салбарт 24 дэхь жил ажиллаж байна. Үүнээс  20 жилийг өрхийн эмнэлэгт ажиллаж, бусдын өвчинг оношлож, эмчилж бас зөвлөж байна. Ээж минь эмнэлгийн тогооч байсан. Ухаан орсон цагаасаа ээжийгээ дагаж ихэнх цагаа эмнэлэг дээр өнгөрүүлдэг байлаа. Цагаан нөмрөг,чагнуур зүүсэн эмч миний хүсэл мөрөөдлийг багаас минь хөтөлсөн.

Ажлын гараагаа хаанаас эхлэж байсан бэ? Мөн өрхийн эмч бусад эмч нараас онцлогтой юу?

 Би Булган аймгийн Бугат сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Энэ салбар өөрөө шатлалтай. Анхан шатны өрхийн эмчдээ л хүн өөрийн амьдралд болохгүй байгаа бүх асуудлаа итгэл хүлээлгэн дэлгэж, хуваалцдаг.  Өрхийн эмч гэдэг чинь багийнхаа иргэдийн гэр бүлийн гишүүн шиг болсон байдаг. Тийм хүмүүсийн эрүүл мэндийн болоод амьдарлын нууцыг хадгалж, хайр хүндлэлийг хүлээнэ гэж бодохоор амьдрал минь илүү хариуцлагатай, бас утга учиртай байдаг. Тйим ч учраас би энэ мэргэжилдээ хайртай.

Хүн амьдарлынхаа хугацаанд ажил, амьдралаас суралцаж байдаг. Таны хувьд?

Цагаан нөмрөг нөмөрсөн хүн бүр эмч болчихдоггүй. Багадаа л 10-15 жил чин сэтгэл, эзэмшсэн мэргэжлээ хослуулан, ажилдаа дурлаж байж, одоо л нэг эмчийн дөртэй болдог гэж би ажигласан.  Би ч гэсэн одоо л эмч болж байна. Ялангуяа анхан шатны өрхийн эмч нар зорьж ирсэн хүнээ зөв уншиж, шаардлагатай зөвлөгөө өгч, ярилцаж сэтгэлийг нь өргөхөд өөрөө сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстой. Ер нь мэдрэгддэг. Нүүрэнд нь өвдөлтийн балл нь тодорчихсон хүнтэй яриад суух биш, өвдөлтийг нь намдаачих юмсан. Зөв чигт нь хөтлөөд өгчихсөн. Эсвэл ярилцмаар байгаа хэн нэгнийг сонсоод, зөвлөчихсөн гээд өдөр тутамдаа л суралцдаг даа.

Энэ мэргэжилээр ажиллахад хүнд хэцүү байсан, эсвэл илүү ажил мэргэжилдээ шулуудаж, ажиллах зориг өгсөн зүйл байдаг уу?

Намайг 4-р курсийн оюутан, эмч болоогүй байхад аав минь хүндээр өвдөж, надаас аврал эрж байсан. Тэр үед  мэдлэг боловсрол аавыгаа эмчлэх хэмжээнд хүрээгүй байсан юм. Тиймээс сайн эмч болъё гэж зориг шулуудсан. Өөрөө ч хүсч сонгосон байсан тул илүү сайн эмч болно гэсэн зорилго тавьж билээ. Зорилгоо ч биелүүлсэн гэж боддог.

Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан бүх нийтийн төлөөх мэргэжил бол эмч. Мэргэжлээ ойлгож, өрөөлийг өөр шигээ, үр хүүхдээ, эцэг эхээ харж байгаа юм шиг энэрэх нь эмч хүнд байх ёстой эрхэм чанар гэж  үздэг.

Залуу хойч үе, шинэ үеийн эмч нартаа хандаж юу гэх вэ?

 Шинэ залуу эмч, эмчийн мэргэжлийг сонгон суралцаж  байгаа дүү нартаа хандаж хайр энэрэл, чин сэтгэл , мэргэжлээ хослуулж байж эмч болдог юм шүү гэдгийг санаж яваарай л гэж хэлье дээ.

Баярлалаа, танд амжилт хүсье.

Баярлалаа. Энэ ярилцлагыг үзэж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ажилчиддаа мөн баярын мэнд хүргэе.

Ярилцсан: А.Саранчимэг

No description available.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц