"ЭТТ” Бондын арилжааг нээлээ

2021-03-30 12:031231

“Эрдэнэс Тавантолгой” ХК төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилгоор хоёр их наяд хүртэлх “Төгрөг, ам.долларын БОНД” гаргаж,  олон нийтэд нээлттэй арилжих болжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар  Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно. 

Бондын хөрөнгийг 5 төсөлд зарцуулна

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

Яг өнөөдрөөс эхлэн эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн бондын захиалгыг ирэх 4-дүгээр сарын 2-ны өдөр хүртэл авах юм байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой. Мөн Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц