Д.Батлут: Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе

2021-03-18 07:03916
МЭНДЧИЛГЭЭ     
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний офицер, ахлагч, түрүүч байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
     Өдгөөгөөс 2230 жилийн тэртээ Модун шаньюй нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэн, Төв Азийн цээжинд Монголын анхны төрт улс хүчирхэг Хүннү гүрнийг байгуулсан үеэс Монгол цэргийн буурал түүх эхэлдэг. Монгол эрчүүдийн дайчин, эрэмгий зоримог уламжлал үеийн үед өртөөлсөөр 815 жилийн өмнө эзэн Чингис хааны буй болгосон Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, сүр хүч, байлдах урлаг, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг үлдээсэн билээ.
     Дэлхийн дайдыг эрэмгий цогтой уухай, морин туурайн чимээгээр доргиож асан дайчин уламжлал 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалаар туурга тусгаар Монгол Улсаа байгуулан мандуулсан, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хил дээрх зэвсэгт тулгаралтын ялалтын гол цөм, дайчин хүч нь Монгол цэрэг байсан билээ.
     Ийнхүү Монгол Улсын шинэ түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг, олон улсад энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэрэг, Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, амжилт гаргаж, өмнөх зорилт бүхнээ нэр төртэй биелүүлж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.
    1921 оны гуравдугаар сарын 18-нд анхны ялалтаа байгуулан орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийн эхэлж, хөгжиж бэхжсэн 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
     1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буй болсны 110 жил, 1921 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтсан их ажлын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол цэргийн нэн шинэ түүх өртөөлөн үргэлжилж, үе дамжин бэхжин урагшилж байгаагийн баталгаа юм.
     Та бүхнийг Монгол цэргийн урлаг, дайчин замналаас суралцах, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цэргийн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.
Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Д.БАТЛУТ
 
2021 оны 03 дугаар сарын 18

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц