Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай

2021-03-18 07:03379

  Хүндэт ахмад дайчид, офицер, ахлагч, цэрэг түрүүч, алба хаагчид аа!

    Та бүхэнд Монгол цэргийн өдөр, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Өдгөөгөөс 100 жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.
Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг    “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм. Батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгох, баатарлаг түүхээ танин мэдэж, өвлөн уламжлахад энэ өдөр онцгой ач холбогдолтой.
    Монгол эх орноо дээдлэх, алтан соёмбот төрийн далбаандаа сүслэх, дайчин эрсийн мөр зэрэгцсэн жагсаал дор эх орны хөвгүүдээрээ омогших бахархал чухамхүү энэ өдөр л хамгийн тод илэрдэг билээ.
Монгол төрийн түүхээр аялахад монгол цэргийн түүхийн зам мөр тэнд заавал дурайж байдаг. Энэ бол төр, цэрэг хоёр ямагт хамт оршсоор ирсний гэрч билээ. Цаашид ч энэ уламжлал мөнх үргэлжлэх нь дамжиггүй юм. Төр байгаа цагт цэрэг байна. Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай.
          МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ
                             ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц