УИХ: "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжив

2021-03-18 07:031399

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулахаар тогтсон. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байх нь сонгуулиудыг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалан зохион байгуулалтын хувьд үүсч болох хүндрэл, шаардлага байгаа тул санал авах өдрийг хойшлуулах тухай санал ирүүлснийг үндэслэн тус Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулан тогтоох асуудлыг хэлэлцэж, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтож, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар Улсын Их Хурлын нөхөн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг боловч, сонгууль явагдах хууль тогтоомж, зохицуулалт өөр учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналыг дэмжих нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг тус тусад нь явуулах болсны шалтгааныг тодруулахын зэрэгцээ зардлын тооцоог илүүтэй тодруулж байлаа. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:  Нөхөн сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийг өнгөрөгч оны 12 дугаар сард шийдэхдээ нэг өдөр санал хураалт явуулахаар зохицуулсан. Үүний шалтгаан нь зардлыг хэмнэхэд чиглэсэн.  Хоёр сонгуулийг тусад нь хийвэл  зардал  их гарах нь ойлгомжтой. Зардлын тооцоог цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагаас авч дахин тооцоолол хийж, УИХ-д удахгүй танилцуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, сонгуулийг тусдаа хийх болсон гол шалтгаан нь хоёр өөр зохицуулалттай хуулиар нэг өдөр санал авах ажлыг хийхэд зохион байгуулахад санал тоолох төхөөрөмжөөс эхлээд техник хэрэгслийн хувьд хүндрэлтэй байгааг тодотгож байлаа. 

Ингээд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 51,5 хувь нь дэмжсэн байна.
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц