Үйлдвэр, технологийн паркт зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр цогцолно

2021-03-17 18:031161

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд нуруулдан уусгах SX/EW технологиор исэлдсэн хүдэр боловсруулах болон зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих хоёр том төсөл багтсан. Эрдэнэтийн уурхайчдын олон жилийн мөрөөдөл биелэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон энэ ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбатаас тодруулсан юм.

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр барьж байгуулах төслийн явцын талаар мэдээлэл өгнө үү?  

     -Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмал хайлуулан боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монголчуудын олон жилийн мөрөөдөл юм. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа зэс хайлуулах үйлдвэртэй болох, зөвхөн баяжмал үйлдвэрлэх биш Металлурги-химийн цогцолбортой болох зорилт тавьсан. Төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл нь металлургийн үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийн асуудал байдаг. Энэ чиглэлээр дэлхийд нэг л газар сайн шийдэл олж, элементийн хүхэр гаргаж ашигласан туршлага бий. ОХУ-ын Норильскийн никель зэсийн том үйлдвэр металлургийн үйлдвэрээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулахдаа байгалийн хий ашиглаж элементийн хүхэр гаргаж авдаг. Бид энэ технологийг нэвтрүүлэх гэхээр байгалийн хий байхгүй. Нүүрсээр орлуулж, ангижруулах урвал явуулж болох эсэхийг туршихаар шийдсэн. БНХАУ-ын “China ENFI Engineering” компанитай хамтран Металлурги-химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нунтаг нүүрсээр боловсруулж элементийн хүхэр гарган авах лабораторийн нарийвчилсан туршилт амжилттай болсон.

Одоо  үйлдвэрлэлийн туршилтыг үйл ажиллагаа нь явагдаж байгаа зэс хайлах үйлдвэр дээр явуулах юм. Энэ ажил амжилттай болбол урд хийсэн Техник, эдийн засгийн үндэслэлээ тодотгоод, нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслөө боловсруулаад энэ төсөл бодит биеллээ олж хэрэгжих юм.

-Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэзээ боловсруулсан бэ?

     -Эрдэнэт үйлдвэр инженер техникийн ажилтнуудынхаа нөөц бололцоог ашиглаад 2011, 2013, 2015 онд судалгааны ажил хийсний үр дүнд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологи сонгосон. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “China ENFI Engineering” болон “NFC” компаниудтай хамтран боловсруулж, өнгөрсөн жил хүлээж авсан.   

-Катодын зэсийн үйлдвэр барих төслийн тухайд..?      

     -Манай хүдрийн нөөц нэмэгдэж байгаа. 2015 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Ил уурхай дахь исэлдсэн хүдрийн овоолгуудад хуримтлагдсан хүдрийн нөөц, “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд ба төвийн ордын нэгдсэн уурхайгаас ирээдүйд ашиглах явцад үүсэх исэлдсэн болон бага агуулгатай хүдрийн нөөцөд үндэслэн Нуруулдан уусгах SX/EW технологиор барих үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10 мянган тонн катодын зэс байхаар тооцоолсон. “Эрдмин”, “Ачит Ихт” компани далангийн уусгалт буюу овоолго дээрээс шууд уусгаж үйлдвэрлэл явуулдаг. Харин бидний хэрэгжүүлэх технологи бол байгальд хор хөнөөл хамгийн багатай. Дор нь плёнкан давхарга үүсгэж, ямар нэгэн хүчлийн алдагдалгүйгээр, уусгасан бүх зэсээ барьж авах технологиор ажиллахаар зорьж байна. Өнгөрсөн жил энэ ажлыг эхлүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Хятадын “BGRIMM” компани шалгараад төслийг гүйцэтгэх байсан боловч цар тахлын дэгдэлттэй холбоотой ажил нь хойшилсон. Гэхдээ гол шалтгаан нь өөр байгууллага худалдан авах ажиллагааг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол шүүхэд гаргасантай холбоотой. Энэ асуудал эцэслэн, нааштай шийдэгдсэн тул ажил удахгүй эхэлнэ. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний дагуу катодын зэсийн үйлдвэрийг хоёр жилийн дотор барих төлөвлөгөөтэй. Энэ жил худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

-Үйлдвэр, технологийн паркийн загвар гарсан байсан. Ямар үйлдвэрүүд цогцлоож парк бүрдүүлэх вэ?

     -Ер нь энэ төслүүд маань Үйлдвэр, технологийн паркийн хүрээнд хэрэгжихээр Засгийн газрын шийдвэр гарсан юм. Бид газраа товлосон, Үйлдвэр, технологийн парк барих тусгай зөвшөөрөл эзэмших бүх бичиг баримт бэлэн болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авах хүсэлт тавина гэсэн мэдээлэлтэй байна. Зөвшөөрөл гарвал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зардал нь тусгагдсан учир Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажлыг энэ жил эхлүүлнэ. Үйлдвэр, технологийн паркт таван үндсэн нэгж байхаар төлөвлөсөн. Металлурги-химийн үйлдвэр, SX/EW технологи бүхий катодын зэсийн үйлдвэр, Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр багтаж байгаа. Үүн дээр Хүхрийн хүчлийн үйлдвэр, Резиний үйлдвэр орж ирнэ. Ер нь том төслүүдээ голчилж байна. 

-Сүүлийн үед молибдены баяжмал боловсруулах үйлдвэр яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

     -Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр нэг ажил шинээр оруулсан нь Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр. Урьдчилсан байдлаар жилд 6000 тонн молибдены баяжмал боловсруулаад, 4200 тн ферромолибден, 1500 кг ренийн давс үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гаргасан.  Нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэх, инженерийн зураг төсөл боловсруулах гээд Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол улсад өндөр үр өгөөж өгөх ажлыг эхлүүлээд явж байна. Цаашид мөн Үйлдвэр, технологийн паркийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж хөгжих юм.

-Баярлалаа.     


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц