Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа

2021-03-05 12:03251

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IV хуралдаанаар  Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд

  1. Боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ.
  2. Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
  3. Багш, удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, арга зүйн хөгжлийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  4. Бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, хяналтыг тогтмолжуулна гэсэн дөрвөн бүлэг 18 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Орхон аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 7 сургууль ашиглалтанд орж, элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог 520-д хүргэж, ерөнхий боловсролын сургалтын чанар 87%,  цэцэрлэгийн хамран сургалтыг  94%-д  хүргэн, боловсролын салбарт ажиллаж буй мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг 52%-д хүргэнэ гэж үзэж байна.  

АИТХ-ын Хуралдаанд оролцсон Төлөөлөгчид хөтөлбөртэй холбоотой өөрсдийн саналыг илэрхийллээ. Тодруулбал, хүүхдийн хүмүүжил, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг сайжруулахын тулд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, өндөр хөгжилтэй орноос туршлага судлах, Ухаалаг Эрдэнэт хот төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимжуулах, интернэтийн найдвартай эс үүсвэрээр хангах, сургуулийн орчинд байгаа цахим тоглоомын газрыг хаах, зориулалтын бус барилга, байгууламжийг цэгцлэх зэрэг олон санал гарлаа.

Мөн Эрдэнэт хотын эко аяллыг зохион байгуулж Монгол улсын түүх соёл, заншил, амьдрах чадвартай иргэнийг бий болгох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголт хийхэд туслах зориулалтаар мэргэжил сурталчилах өдөрлөгийг бүтээлч байдлаар чанартай зохион байгуулах, гэр бүлийн хүмүүжил төлөвшлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас олгож эхлэх зэрэг саналаа хэллээ. Эдгээр саналыг хөтөлбөрөөс гадна дагаж хэрэгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөнд тусгахаар болж, аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг АИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц