АВАРГА ТЕХНИКҮҮД АЖИЛДАА ГАРЛАА

2020-06-22 21:06110

Зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээвэр шинэ таван белазаар хүч нэмлээ. 2020 оны хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн хүрээнд ОХУ-аас авчирсан 130 тооны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг Автотээврийн цехийн Засварын хэсгийнхэн угсарч ажилд гаргахад бэлэн болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ”-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нар уул уурхайн аварга техникийн түлхүүрийг эрдэнэсийн тээвэрчдэд гардуулан өгч, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөв. Шинэ белазууд ажилд гарснаар технологийн тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 белаз уулын цул тээвэрлэх цуваанд жигдэрлээ.

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИ МОНГОЛД...

Дараа нь Шадар сайд, дэлхийн шилдэг технологийг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл, шинэчлэлийн нээлтийн ёслолд оролцов. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 11-р сарын нэгэнд Цутгуурын цехийн үйлдвэрлэлээ зогсоож, хагас жилийн хугацаанд Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг Германы FAT компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн юм. Энэ хугацаанд дэлхий нийтээр коронавирус тархаж, Хятад, Герман улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож хүндрэл учирсан хэдий ч түншүүдтэйгээ онлайнаар харилцаж, техник, технологийн шинэчлэлийн ажлаа зогсоолгүй үргэлжлүүлснээр төлөвлөсөн хугацаандаа шинэ шугамаа өөрсдийн хүчээр залгалаа. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, ухаанаар бахархаж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэр дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хэрэгцээт цутгамал бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 25-30 хувиар өсөж, өөрийн өртөг тонн тутамд 120 гаруй ам.доллараар буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм.  

ГАН БӨӨРӨНЦГИЙН ШИНЭ УРСГАЛТАЙ ТАНИЛЦЛАА

     Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж индукцийн технологи нэвтрүүлснээр хэл ам дагуулсан олон асуудал нэг мөр шийдэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан. Тус цех хоногт 100-гийн голчтой шаар 100 тонн, 80-ын шаар 80 тонн, 40-ийнхийг 18 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Шадар сайд ган бөөрөнцгийн шинэ урсгалыг нүдээр үзэж, үйлдвэрлэлийн технологийн давуу тал, ажлын байрны орчин нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ажилтай танилцахад гурван зүйлд сэтгэл дүүрсэн гэлээ. Нэгдүгээрт, COVID-19 цар тахлаас болж олон үйлдвэр үйл ажиллагаагаа хязгаарлаж, үүд хаалгаа барьж байхад Эрдэнэт үйлдвэрт корона вирусын нөлөөлөл огт байхгүй, үйлдвэрлэл хэвийн ажиллаад зогсохгүй, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ нь төлөвлөлт маш сайн байгааг илтгэж байна. Хоёрдугаар, техник, технологи нь дэлхийн түвшинд хүрчээ. Гуравдугаарт, бусад газар орон тоогоо цомхотгож байхад Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажлын байрыг хадгалахын зэрэгцээ ахмадуудынхаа нэмэгдэл тэтгэврийг өсгөж, ажилчдынхаа цалин хөлсийг нэмсэн нь сэтгэл дүүргэж байна гэж онцоллоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц