Т.СОЁЛМАА: XXI зуун бол харшлын эрин...

2020-06-19 18:0648

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан тоос тоосонцор, утаа униар, нарны туяа, хүйтэн салхи хүрээлэн буй бүхий л зүйл харшил үүсгэх шалтгаан болдог. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажилчид, энгийн иргэдийн ч нийтлэг зовуурь болсон харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмнэл зүйн дархлаа, харшил судлалын эмч Т.Соёлмаатай ярилцлаа. 

-Юуны өмнө эмнэл зүйн шинжлэх ухааны үүднээс харшил гэж чухам юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ерөнхийдөө харшил гэдэг бие махбодод аливаа уураг, микрод, вирус нянгийн бус гаралтай бодисууд анх удаа юм уу, давтан орж өөрийн антелуудтай зохицон нэгдэхэд үүсдэг хэт цочирлын хариу урвал юм. Орчин үеийн анагаахын болон биологийн шинжлэх ухааны эрдэмтдийн анхаарлыг татаж буй салбар шинжлэх ухааны нэгд харшил яахын аргагүй багтаж байна. Шинэ зууны чимээгүй тахалд чихрийн шижин зэрэг өвчлөлийг нэрлэдэг ч XXI зууныг харшлын эрин гэж тодорхойлоод байна.

-Харшил хаанаас, юунаас үүсдэг вэ? Сүүлийн үед нэмэгдэх болсон гол шалтгаан нь юу вэ. Гадуур хийсэж байгаа улиасны “цагаан хөвөн”-гөөс үүсэх үү?

-Гол шалтгаан нь анагаах ухааны өндөр хөгжил, төрөл бүрийн эм тарилга, шинжлэх ухаан үйлдвэрлэл, уул уурхай, хотжилттой холбоотой олон сөрөг зүйл гарч ирж байна. Жишээ нь анагаах ухааны өндөр хөгжил нь төрөл бүрийн эм тарилга, химийн дан ба нийлмэл бодисыг эд материалын зүйлс хэрэглэж байгаатай холбоотойгоор харшлын хариу урвал гарч байгаа. Нийгэм өөрчлөгдөж хүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр “Одоо яах вэ?” гэх оюун санааны хэт ачаалал ирж мэдрэлийн сульдалт, архаг ядаргаа, стресс, мөн хот суурин газрын агаарын бохирдол, үйлдвэр уурхайн тоос шороо мананцар, утаа униарыг дагаад бичил орчин өөрчлөгдөх гэх зэрэг олон хүчин зүйлтэй холбож үздэг. Дэлхийн харшлын байгууллагын мэдээгээр нийт хүн амын 33-37 хувийн харшилтай байгааг тогтоосон. Үет навчит ургамал тоосоо гөвөх цаг учир улиасны хөвөн ч мөн ам хамарт орж загатнуулан харшил сэдрээхэд нөлөөлнө.

-Үйлдвэрийн ажилчид ажлын байрны онцлогоос шалтгаалан харшилтай болох тохиолдол байдаг уу?

-Ажлын байрны онцлогоос хамаарч харшлын шинж тэмдэг илэрсэн хүмүүс ирдэг. Ган бөөрөнцгийн цехийн операторууд, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч, цутгуурчид, элс хатаагчид, элс шигшигч, хольц бэлтгэгч нар химийн найрлагатай бодистой ажилладаг учраас нүд нь улайх, амьсгал нь бачуурах, хоолой нь боогдох зовуурь, шинж тэмдгүүд илэрч ирдэг.

-Цагаан тоос харшил үүсгэх үү?

-Ерөнхийдөө, тоосны дэгдэлт, амьсгалын замыг хуурайшуулж, гуурсан хоолойн үрэвслийг архагшуулахад нөлөөлж болно. Гэхдээ яг цагаан тоосноос боллоо гэсэн эмнэлгийн батлагдсан дүгнэлт онош бол одоогоор байдаггүй.

-Харшлын зонхилох хэлбэр юу вэ? Иргэд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Өдийд, ургамлын тоосонцрын харшил, үет ургамал, навчит ургамал, бургас зэрэг тоосоо гөвөх үед хүмүүсийн ам хамарт наалдан найтаалгах, зовхи улайх, загатнах зэрэг харшлын нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Түүнээс гадна хоол хүнсний харшил бий. Эмчилгээ хийлгэх явцад ч хүнсээ тохируулах хэрэгтэй. Жишээ нь, зөгий балтай ус ходоодонд сайн гээд өлөн элгэн дээрээ зөгийн балтай ус уулаа гэхэд харшил хөдөлсөн үед хүндрүүлэх эрсдэлтэй. Жимснүүдээс киви, лимон, жүрж зэрэг исгэлэн, хүчиллэг жимснүүд харшил сэдрэхэд нөлөөлдөг. Хүнсний ногоонуудаас чинжүү, саримс, дарсан ногоо, лечо зэргийг хорих хэрэгтэй. Мөн эмийн харшил хамгийн элбэг байна. Өвчин эмгэгийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх зориулалтаар эмийн бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа нь эргээд харшилдаж байгаа юм. Нэг өвчнөө эдгээх гэж байгаад нөгөө өвчнөө сэдрээгээд байна. Эмийг зааврын дагуу бус, дураараа хэрэглэх нь гаж нөлөө үзүүлэх, бие эрхтнийг хордуулах, дархлааны тэнцвэрийг алдагдуулах, харшил ба донтолтын хэлбэрт хүргэдэг. Ялангуяа 18-40 насныхан илүү өртөнө. Мөн бага насныхныг хараа хяналтгүй орхисноос сав баглаа боодлыг нь сонирхон хэрэглэх тохиолдол их байна.

-Эмийн харшлын талаар илүү тодорхой тайлбарлавал?

-Эмийн харшил үүсэх олон шалтгаан бий. Тухайн хүний бие махбодын хэт мэдрэгшсэн байдал, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн хэмжээ тохирсон ч хүчтэй урвал үүсгэж шимэгдэхгүй удааширсантай холбоотой байж болно. Дотор эрхтний эмгэг, ялангуяа элэгний архаг үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед харшил хөдлөх нь элбэг. Мөн эмийн бодис биед нь хэр их цэвэрлэгдсэн эсэх, бас ажил мэргэжлийн онцлог шалтгаална. Нэгэн зэрэг олон эм зэрэгцүүлэн хэрэглэх, цаг минутын зайтай ууж байгаа эсэх, үрлэн чихэр шиг залгиж байна уу, гэх мэт уух арга барил, их тунгаар удаан хэрэглэх, олон давтан эмчилгээ хийлгэх зэрэг багтана. Тиймээс хэрэглэгчийн нас хүйс, биеийн галбир, дархлааны системийн байдал, хорт муу зуршилтай эсэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бичил бага тунд ч хариу урвал үзүүлж мэднэ. Эмийн харшил ихэнхдээ, хурдан хугацааны харшлын урвалаар хурц илэрч, артерийн даралт буурах, цус бүлэгнэх, төв мэдрэлийн системийн ажиллагаа алдагдах, хялгасан судас дарагдах зэргээр амь насанд аюул учруулж болзошгүй. Ийм үед хамгийн түрүүнд, хэрэглэж байгаа эм тариаг холдуулна, мөн хажууд нь өөр төрлийн эм байх ч хэрэггүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ, даралт унаж байвал ихэсгэнэ, зүрхний хэм алдагдаж байвал удаашруулна.  

-Харшлаас энгийн аргаар сэргийлэх боломжтой юу?

-Харшил үүсгэгчийг тодорхойлж өөрөөсөө холдуулах, дархлаагаа дэмжиж дасгал хөдөлгөөн хийх, хангалттай унтаж амрах, хоол, хүнсний дэглэм сахих хэрэгтэй. Хуучин,  ходоод хоолоор дүүрэн байхад л болдог гэх ойлголт байж болохгүй. Заавал цадталаа, чинэртэл нь идэх албагүй. Бага багаар, ойр ойрхон, зөв зохистой сайн чанарын хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ажил амралтаа зөв зохицуулах нь чухал. Амарч байгаа нь энэ гээд  хэвтэж, унтах биш дасгал хөдөлгөөн хийж, аялалд явж, цэвэр агаараар амьсгалах зэрэг энгийн боловч амьдралын зөв хэмнэл хэвшүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн архаг суурь өвчнүүдээ анхаарах. Хэрлэг, бахлуур, бамбай булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн өвчлөл, шүдний болон гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг идээт үрэвслүүдээс өөрийгөө цэвэрлэн суурь өвчнөөс ангижрах хэрэгтэй. Энэ болгон харшил үүсгэхгүй ч дам сэдрээнэ. Мөн харшлыг ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэнтэй холбож тайлбарладаг болсон. Эмийн хэрэглээгээ хянах. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр янз бүрийн эмүүд гарч байна. Аливаа эмийг эмчийн заавраар, жорын дагуу зохистой хэрэглэх шаардлагатай. Жишээ нь хоолой өвдөхөд хамаагүй антибиотик ууж, цацдаг нь буруу. Эхлээд тэр хэсгийг ариутган цэвэрлэх, содны болон тамедины уусмал, жамц давсаар зайлах, улайж идээлэх маягтай өнгөр тогтсон байвал жорын дагуу эм цацлага хэрэглэх нь зохистой. Түүнээс гадна орон байр, хот орчны эрүүл ахуйн дэглэм чухал. Шорооноос сэргийлж хашаа хороогоо зүлэгжүүлэх, моджуулах, цэцэгжүүлэх хэрэгтэй.   Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчээс л зөвлөгөө авна. Хүний үгээр, дураараа эмчилгээ хийснээр архагшуулах, бүр хүндрүүлэх аюултай.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

А.МАРАЛ

 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц