Манай техник Монголын тал нутагт...

2021-02-03 10:02949

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны сүүлээр “ИЗ-КАРТЭКС” компанийн үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн хоёр экскаватор ашиглалтад орууллаа. Орос улсад үйлдвэрлэсэн энэхүү техникийг Эрдэнэт үйлдвэр хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд худалдан авсан юм. Түүнчлэн ЭКГ-12К маркийн аварга экскаваторыг хугацаанаас нь өмнө угсарч, ховор рекорд тогтоосон уурхайчдын амжилтын талаар ОХУ-ын /”ЗА ТЯЖЕЛОЕ МАШИНОСТРОЕНИЕ” сонин нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

     Эрдэнэт үйлдвэр нь азийн томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн нэг бөгөөд Монгол Улсын зэс, молибдений хүдэр олборлох, боловсруулах тэргүүлэгч үйлдвэр юм. Тус үйлдвэр 2020 онд 35,2 сая тонн хүдэр боловсруулсан. 2017 оноос энэхүү үйлдвэр нь нийтдээ 20 гаруй сая ам.долларыг геологи, хайгуулын ажилд зарцуулж, орд газрын хүдрийн нөөцийг нэмэгдүүлэн, стратегийн ач холбогдол бүхий агуулга ихтэй хэсгийг тодорхойлсон.   

     Эрдэнэт үйлдвэр техник, технологио тогтмол шинэчилж байна. Өнгөрсөн онд 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хоёр экскаватор, өрмийн суурь машин худалдан авчээ. Ил уурхайн дарга Б.Отгондаваагийн хэлснээр, KOMATSU, LIEBHERR, HITACHI, ИЗ-КАРТЭКС зэрэг компанийн техникүүдийн загварыг судалсны үндсэн дээр ЭКГ-12К экскаваторыг Эрдэнэт үйлдвэрийн уулын ажилд тохирох техник гэж сонгосон байна. 

     Тэд энэ хоёр экскаваторыг асар богино хугацаанд угсарч ашиглалтад орууллаа. Тухайлбал, Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг нь ЭКГ-12К экскаваторыг 25 хоногийн хугацаанд угсарсан нь төлөвлөгөөт хугацаанаас даруй 10 хоногийн өмнө юм. Харин ИЗ-КАРТЭКС-ийн мэргэжилтнүүд биечлэн угсралтад оролцоогүй ч цахимаар зөвлөгөө өгч ажилласан байна. Эхний техникийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд, хоёр дахь техник буюу ЭКГ-12К экскаваторыг 12 дугаар сарын 25-нд  Монгол Улсын уурхайчдын баярын өдөр хүлээн авч, уулын ажилдаа бүл нэмлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ҮТА-ны дарга Ц.Шинэдорж ярихдаа, “Энэхүү шинэ экскаваторыг богино хугацаанд оруулж байгаа нь манай хамт олны Эрдэнэт үйлдвэртээ болон улс орондоо барьж байгаа бэлэг” гэсэн юм. 

     Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр Ил уурхайдаа 11 экскаватор ашиглаж байна. Үүнээс найм нь ИЗ-КАРТЭКС компанид үйлдвэрлэсэн техник юм. Эдгээр техникүүд дотор ЭКГ-10, ЭКГ-12К тус бүр дөрвөн ширхэг байна. Техникүүд найдвартай ажиллаж, бид сэтгэл хангалуун байгаа. Шинэ экскаватораас найдвартай ажиллагаа, ажлын өндөр бүтээмж хүлээж байна” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах онцлон тэмдэглэлээ. 

Лариса Тихова
 /”ЗА ТЯЖЕЛОЕ МАШИНОСТРОЕНИЕ” сонин 2021.01-15/


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц