Тулаант киноны тод од Скотт Эдкинс

2020-06-17 08:0658

Экшн буюу бидний нэрлэдгээр тулаант киноны түүх сөхвөл Америкийн дэлгэцийн урлагийн эх рүү очих хэрэгтэй болно. Орчин үеийн Холливуд дөнгөж мэндэлж байх үе буюу өнгөрсөн зууны 20-30-аад онд тулаант кино энэ зах зээлийн томоохон хэсгийг эзэлдэг байв. Түүнээс хойш 80 жил, шинэ мянган гарснаас хойш 20 жилийн хугацаанд энэ төрлийн киноны зах зээл өргөжин тэлжээ.

Орчин цагийн кино урлагийн тулаант кинонууд дотроо түүхэн, драм, бодит амьдралаас сэдэвлэсэн зэргээр баяжин, дэлхийн зах зээлийн нэгэн том таркетинг болов. Шинэ технологи, шинэ агуулга, сэдвээр баяжсан тулаант киноны зах зээлд шинэ, тод одод ч олноор төрөн гарсны нэг нь Скотт Эдкинс билээ. 

“ХЯМД” ЖАНР, ҮНЭТ ХӨДӨЛМӨР 

... Тулаан, зодоон, буудалцаантай киноны үйл явдал, утга санаа төдий л нүсэр биш. Гол баатарт шударга бус,  аргагүй нөхцөл байдлын эсрэг нударгаа зангидан босохоос өөр сонголт үгүй. Терроризм, аллага, хулгай, авлига, эрх баригчид, эсвэл нөлөө бүхий хүмүүсийн хэдийтсэн эрх ашиг гэмгүй хүмүүст заналхийлэхэд хэн нэгэн баатар үүнийг зогсоож чадна.

Орчин цагийн хамгийн алдартай тулаант кинонуудын ерөнхий агуулга үүн дотор л эргэлдэнэ. Тиймдээ ч энэ төрлийн киног “хямд” жанр гэлцэх нь бий. Гэвч энэ “хямдхан” киноны ард нүсэр өртөг, хэдэн сараар үргэлжлэх бэлтгэл сургуулилалт, олон орлон тоглогч, технологийн хамгийн шинэ шийдэл бий. Мэдээж, энэ бүхний гол төвд тулааны урлагийг эзэмшсэн, асар хөдөлмөрч, зөвхөн энэ жанраар дэлхий дахинд танигдсан супер од жүжигчид буй.

Чак Норрис, Дольф Лүндгрен, Ван Дамм, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Брюс Уиллис, Жет Ли, Жейсон Стэйтем, Дуэйн Жонсон, Марк Уолберг, Дэниэл Крэйг, Скотт Эдкинс... Тулаант киноны түүхэнд нэрээ үлдээсэн жүжигчдийн жагсаалт үүгээр цааш үргэлжилнэ. Гэхдээ энэ удаад жагсаалтын сүүлчийнх, энэ жанрын тод од Скотт Эдкинсийг онцольё. 

БРЮС ЛИ БОЛ ТҮҮНИЙ  БУРХАН

Тулаант киноны шинэ залуу одод ид төрөн гарч, аналогоор ийм төрлийн бүтээлүүд ээлжилж байсан 1980-аад онд тэр бусад хөвгүүний  л адил Чак Норрис шиг, Ван Дамм, Арнольд Шварценеггер шиг жүжигчин болохыг мөрөөддөг хүү байлаа. Харин шинэ мянганы өмнө, шинэ мянган гарсны дараах ч он жилүүдэд шүтдэг жүжигчидтэйгээ бараг бүгдтэй нь хамтран ажиллах ховор завшаан түүнд л тохиосон юм.

Хэдийгээр тулаант киноны зах зээлд цуврал зурагт номоос сэдэвлэсэн, технологийн дэвшил, тусгай эвлүүлгээр “зодсон” бүтээлүүдийн эрин ирсэн ч нударган зодоон, тулааны урлагийн уламжлалт арга, барилууд урьдын адил ноёрхсоор байгаа нь түүний “аз”. Булчингаа хөгжүүлсэн мэргэжлийн тамирчид өмсгөл, зүүлт өмсөөд зурганд орж, бусад зүйлийг орлон тоглогчоор гүйцэтгүүлж болох энэ үед Скотт Эдкинс өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй, арга барилтай, зах зээлтэй, үнэлгээтэй жүжигчин болсон нь түүний бага наснаас эхтэй. 

... Эдкинсийн өвөг дээдэс мах бэлтгэдэг, нядлагчид байв. 1976 онд Английн дундаж давхаргын, ажилчин ангийн гэр бүлд мэндэлсэн Скотт сурлагаар гавихгүй, эцэг эхээ унтсан хойно тулаант кино үздэг, тиймдээ ч өдөр хичээл дээрээ “дугхийчихдэг” хүү байсан гэдэг. Хүүхэд байхдаа олон төрлийн спорт сонирхдог байсан ч 10 настайдаа жүдогийн клубт явсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Тулааны урлагийн их мастерууд Брюс Ли, Ван Дамм нарыг төсөөлөн өдрийг бэлтгэлийн зааланд, амсхийх завгүй өнгөрөөдөг байсан Скотт дөрвөн жилийн дараа тэквондогоор хичээллэж эхэлжээ. Аавынхаа грашийг тохижуулан, бэлтгэл хийдэг тэрбээр Брюс Лигийн зургийг ханандаа наагаад залбирдаг байснаа хожим дурсан ярьжээ. Өсвөр насандаа дасгалжуулагч Энтони Жонсын удирдлага дор кикбоксоор хичээллэсэн аж. 

ХӨӨЕ, БОЙКА!

Тулааны урлагаар хичээллэгч түүний  хувьд тамирчны зам хөөх, үгүй бол авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө энтертайнмент ертөнцөд хөл тавих хоёр сонголт байв. Холливудад хөл тавихыг хүссэн Скотт улмаар Саттон Колдфилдийн жүжигчний ангид суралцах сонголт хийсэн билээ. Тайзан дээр анх гарсан тухайгаа тэрбээр “Яг там шиг санагдаж байлаа.

Бүрэг, ичимхий миний хувьд хүмүүсийн өмнө, тайзан дээр гарна гэдэг үнэхээр аймшигтай зүйл” гэж ярьжээ. 21 настай, ядуу, цагийн ажил хийж олсон хэдэн фунтээрээ арайхийн хоол залгуулдаг Скоттын замнал Англиасаа биш, Хонконгоос эхэлсэн юм. Хонконгийн Орлон тоглогчдын ассоциацийг тэргүүн Стефен Тунг Фей түүнд ажлын санал тавьсан бөгөөд тулааны тамирчид, жүжигчид бүгд  яагаад Хонконгийг  зорьдогийг мэдээ ч үгүй явсан тэрбээр өөрийг нь хэн нэгэн тоож урьсанд л ихэд олзуурхаж байлаа. Ингэж л Скотт Юнь Вон Пинг, Кори Юэнь, Саммо Хун болон Жеки Чан нартай нэг кадрт багтаж, хамтран ажиллах гараагаа эхэлсэн гэдэг.

Түүнээс хойш ч BBC-гийн цуврал, “Ист Эндийн оршин суугчид” зэрэг бүтээлд тоглоод байсан Скотт Эдкинст ялагдашгүй, шоронгийн нохой зодооны аварга Юрий Бойкагийн дүр  амжилт, нэр хүнд авчирчээ. “Маргашгүй-2” бүтээл 2006 онд дэлгэцэнд гарсны дараа “Борн”, “Х хүмүүс” цуврал,  “Нинжа” зэрэг тулаант киноны гол дүрийн урилга хүлээн авсан билээ. Одоогоор дэлгэцийн 50 гаруй бүтээлд орлон тоглогч, гол болон туслах дүр бүтээсэн Скотт Эдкинсийн хамгийн алдартай дүр бол Юрий Бойка. “Маргашгүй” киноны хоёрдугаар цуврал нээлтээ хийснээс хойш түүнийг “галзуу орос”, “Хөөе, Бойка” гэж дууддаг болжээ.

“Кино урлаг бол хатуу бизнес. Аз сорих боломж бараг л үгүй. Бойкагийн дүрийг ч зохиолд бичсэнээр, найруулагчийн бодсоноор л бүтээнэ. Сонирхолтой нь, Юрий Бойкагийн дүрд тоглосноос хойш надад орос тулаанч, зодоонч, мафийн толгойлогчийн “бууны нохой”-н дүрийн санал цөөнгүй ирсэн. Үгүй бол, славян гаралтай Зүүн Өмнөд Европын хүн ч юм уу. Уг нь би англи хүн шүү дээ” гэж “нэрийн хуудсынхаа” талаар Скотт ярьсан. 

“ХУГАЦААТАЙ ТОМИЛОЛТ”

Тулааны урлагийн тамирчны хувьд ч, жүжигчний хувьд ч Скотт Эдкинс чамгүй амжилтад хүрчээ. “Таны амжилтын нууц юу вэ” гэсэн асуултад тэрбээр “Амжилт гэж чухам юу болох, түүнд хэрхэн хүрэх тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөсөн” гэж хариулсан юм.

Өнөөдрийг хүртэл тэр өдөр бүр, тогтмол цагийн хуваарийн дагуу, шаргуу бэлтгэл хийдэг. Гэхдээ тулаант киноны урлагт он удаан жилээр зүтгэхгүйгээ мэддэг. “Би одоо 40 гарлаа. Миний бие хэзээ ч 20 настайгийнх шиг байхгүй. Одоо цохилт бүрт би эрүүл мэндээрээ золиос гаргах болно. Урлаг, кино урлаг бол ердөө хугацаатай томилолт. Магадгүй, инээдмийн ч юм уу, драм төрлийн бүтээлд тоглож болох юм. Үгүй бол дасгалжуулагч байж болно шүү дээ” гэж тэрбээр найруулагч Карл Ризкийн “Эзлэлт” киноны нээлтийн өмнө өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Тулаант киноны тод од, жүжигчин Скотт Эдкинс өнөө хэр Бирминхемдээ, эцэг, эхийнхээсээ холгүй амьдардаг. Том хотын чимээ шуугианыг тэвчиж чаддаггүй, буйд газар амьдрах хүсэлтэй тэрбээр зураг авалт, бэлтгэлээс бусад цагаа гэр бүлдээ зориулдаг. 2011 онд Скотт аав болж, охин Кармен Габриэлагаа өлгийдэн авсан бөгөөд хожим хүү Жошуа нь мэндэлсэн. 

эх сурвалж: npost.mn


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц