Матрууд нэгэн цагт хоёр хөл дээрээ гүйдэг байжээ

2020-06-15 21:067

БНСУ-ын газар нутгаас олдсон цэрдийн галавын үеийн хөлийн мөртэй хадыг палеонтологичид судлаад, орчин үеийн матрын өвөг хойд хоёр хөл дээрээ явдаг байв хэмээн дүгнэжээ.

Амьтны олдворуудаас харахад матрын өвөг нь орчин үеийн матар шиг дөрвөн хөл дээрээ мөлхдөг байснаас биш ийнхүү хойд хоёр хөл дээрээ гүйдэг гэх нотолгоо олдсон нь анхных аж. Өнөөг хүртэл маш сайн хадгалагдаж үлдсэн дээрх хөлийн мөрүүд нь 18-24 см урт байгаагаас үзэхэд мөрөө үлдээсэн амьтны биеийн урт 3 метр хүртэл том байсан бололтой.

“Мөрийг нарийвчлан харахад өсгий, өлмийн даралт нь энэ амьтан хойд хоёр хөл дээрээ хэрхэн гүйж байсныг төсөөлж болно” хэмээн судалгааны багийнхан бичжээ.

Мөн дээрхтэй ижил төрлийн хөлийн мөр БНСУ-ын өөр хэсгээс олдсоныг Солонгосын эрдэмтэд нисдэг үлэг гүрвэл Птерозаврынх  хэмээн бодож байжээ. Гэвч АНУ, БНСУ-ын баг хамтран судалж үзээд тэдгээр мөрүүд нь Батрачопус Грандис буюу эртний матрынх байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

Батрачопус Грандис нь 100 гаруй сая жилийн өмнө доод цэрдийн галавт амьдарч байсан гэгддэг бөгөөд орчин үеийн матраас ялгаатай нь усанд биш, хуурай газарт амьдардаг, хоёр хөл дээрээ, заримдаа дөрвөн хөллөж алхдаг байсан аж. Хоёр хөлөөрөө явдаг матрын нотолгоо цэрдийн галваас олдоод удаагүй тул зарим эрдэмтэд энэ амьтан хамаагүй эрт буюу Мезозой эриний эхэн үед амьдарч байсан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

Мөн зарим эрдэмтэд эртний матрууд ялгаагүй дөрвөн хөлөөрөө явдаг байсан бөгөөд урд хөлөн дээр ирэх жин хойд хөлнийхөөс хөнгөн болохоор мөр нь өдийг хүртэл хадгалагдаж үлдэхдээ урд хөлийн мөр элэгдэж арилсан эсвэл энэ амьтан гүйж байхдаа биш, сэлж байхдаа энэ мөрийг үлдээсэн байж болзошгүй хэмээн үзэж буй гэнэ.

Орчин үеийн матар ч заримдаа усан дотор хойд хоёр хөл дээрээ алхдаг билээ. Гэвч дээрх таамгуудын аль нь үнэн болохыг олж тогтооход олдвор хангалтгүй байгаа тул хүндрэлтэй байгаа гэнэ. Мөн хэсэг эрдэмтэд энэ мөр нь өмнө нь бүртгэгдээгүй шинэ амьтны мөр байж болно хэмээн үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN.COM


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц